World Cup 2018 Russia Prediction
Тьерри Анри: "Арсенал миний диваажин."
Премьер лиги 2018-05-16 20:33:56  |   344

  Аав нь түүнийг хөлбөмбөг тоглохыг хориглодог байжээ. Гэхдээ хэрхэн тоглодгийг нь харах хүртлээ л хориглодог байсан хэрэг. Анри бол багадаа Африкаас “ачигдаж” ирсэн хүүхэд биш ээ. Тэр Парисаас нэлээн зайтай дүүрэгт төрж өссөн. Гэхдээ тэр эрэгтэй хүүхэд эр хүн болохдоо нэг бол их хатуу ширүүн нэгэн болдог, үгүй бол өөдгүй хулчгар болж хувиргадаг таагүй орчин бүрэлдсэн орчинд өсчээ. Юун соёлт Парис, Английн замбараагүй нэгэн дүүрэгтэй л төстэй орчин байсан гэдэг. Түүний өссөн Les Ulis-д хөлбөмбөгийн хоёр баг байсны нэг “Les Ulis”-т Анри тоглож эхэлжээ. Түүний анхны багш Клод Шезель “Тэр бүр эхнээсээ л хурдаараа багийнхнаа гайхшруулдаг байсан” гэж дурссан нь бий.
Харин түүний аав Антуан Анри эхэндээ хөлбөмбөг хөөхөд нь дургүй байсан ч сүүлдээ үнэхээр авьяастайг нь мэдээд хөлбөмбөг рүү чиглүүлэхийг ихэд чармайх болж. Нэг удаа Антуан хүүгээ хөлбөмбөгийн дугуйлан руугаа явахыг шаардсаар ажлаасаа хоцорсноор халагдаж байсан гэдэг.
“Тьеррид авьяас, харин аавд нь амбиц байсан” гэж Клод Шезель мөн ярьсан байна.
Антуан Анри хүүгээ тун ирээдүйтэйг сайтар мэдэрсэн тул ихэд дэмждэг болжээ. Тэр бүр хүүгийнхээ төлөө “Palaiseau” багийнхантай хэл ам зөрөлдсөний улмаас “Vry-Chatillon” багт Анриг шилжүүлсэн юм. Сонирхолтойн “Palaiseau” багийн дасгалжуулагч Жан-Мри Панза шавиа даган “Vry-Chatillon”-д ирж байжээ. Түүнийг “Vry-Chatillon”-д тоглож байхад “Монако”-гийн менежер Арьнольд Каталано анзаарсан байна.
“Монако”-д тоглохоосоо өмнө Анри Францын үндэсний хөлбөмбөгийн академи “Клерфонтен”-д суралцлаа. Тэр сурлага тун тааруутай байсан ч сургуулиасаа үе тэнгийн Николя Анелькаг олж нөхөрлөж амжсан ажээ.
 

Ингээд төдөлгүй “Монако”-гийн залуучуудын багт тоглож эхлэв. 1994 оны 8 сарын 31 нд тэр “Ницца”-гийн эсрэг гарснаар Францын дээд дивизион дахь анхны тоглолтоо хийсэн юм.
Харин 1997 оны 10 сарын 11-нд Францын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан ӨАБНУ-ийн шигшээг 2:1-ээр буулган авчээ.
1998 оны ДАШТ-нд Анри 3-н гоол оруулж, шигшээ багийнхаа хамгийн олон гоол оруулсан хөлбөгчнөөр тодорсон. Энэ ДА-ын шувтаргын тоглолтод Эме Жаке Анриг 2-р үед талбайд гаргахаар төлөвлөж байсан ч Марсель Десайи хөөгдсөнөөр түүнд боломж олдоогүй.

Дараа нь Анри шигшээ багтайгаа Евро-2000-д түрүүлсэн. Энэ тэмцээнд тэр таван тоглолтод оролцож гурван гоол орууллаа.
Түүнийг Италийн “Ювентус” ихэд сонирхон 1999 онд өөрийн болгосон ч довтлогчийн агуу чадварыг нь олж харж чадаагүй юм.Ийнхүү Италид хөлөө олоогүй залуу “Арсенал”-ыг зорилоо. Түүнийг тэнд цагтаа “Монако” д хамт байсан Арсен Венгер хүлээж байв. Анри Арсеналд ирээд анхны ярилцлага өгөхдөө “Хурдхан л эвээ олох хэрэгтэй” гэж байлаа. Харин хожим тэр “Би түүх болон үлдэнийг хүсдэг байсан. Арсенал бол миний диваажин юм” хэмээн хэлсэн байдаг.
Арсен Венгер түүний тухай “Тэр маш авьяаслаг бас амбицтай залуу. Хэрвээ энэ хоёр чанар зэрэг заяасан тоглогч байвал цаашид улам өсөн, дэвжхийн баталгаа” гэж хэлсэн удаатай.
2007 оны 6 сард Анри найман жил суурьшиж, идээшсэн Арсеналаа орхин Барселонагийн урилгыг хүлээн авлаа. Лондоны баг дахь сүүлийн улирал Анригийн хувьд таагүй дурсамж үлдээсэн. 3-р сард тэр хүнд бэртэл авснаар багтаа, шигшээдээ ч тусалж чадалгүй хэдэн сарыг өнгөрөөсөн юм.
Анри явах шийдвэр гаргасныхаа дараа Арсеналын тоглогчийн хувиар сүүлийн үгээ хэлэхдээ “Багийнхаа балиашгууд болон удирдлагад тун их баярлалаа. Барселонад би нэг л зүйлээр дутах болно. Энэ бол намайг сайн, муу тоглосны алинд нь ч гэсэн үргэлж дэмжиж байдаг Арсеналын балиашгууд маань. Би энэ сайхан сэтгэл, дэмжлэгийг зүрх сэтгэлдээ үргэлж тээж явах болно. Надад энд үнэхээр сайхан хандаж байсан” гэжээ.

 

Испанид очоод Анри анхны гоолоо 7 сарын 26 нд Шотландын Данди Юнайтедын хаалганд оруулсан. Харин Испаний Ла лиг дэх анхны гоолоо 9 сарын 29 нд Левантед орууллаа. Энэ тоглолтод тэр анхны гооло хийгээд зогсохгүй дараа нь хоёр ч бөмбөгөөр өрсөлдөгчөө “мялааж”, хет-трик хийсэн юм.
Тэр 2003 онд Английн фотомодель Николь Мерритэй гэрлэж, 2005 онд Теа нэртэй охинтой болсон. Харин 2007 онд Николь, Анри хоёр гэр бүлээ цуцлуулсан юм.Зиедин Зидан зодог тайлснаар Францын шигшээ багийн гол тоглогчийн үүргийг тэр хүлээн авсан. Мөн тэр Францын шигшээ багийн тоглогчдоос шигшээ багтаа хамгийн олон гоол /41/ оруулсан Платинигийн дээд амжилтыг эвдсэнээр түүхэн мэргэн буучаар тодроод байгаа билээ.
2006 онд тэр Францын шилдэг хөлбөмбөгчний алдрыг 5 дахиа хүртэж байлаа. Мөн онд Алтан бөмбөг шагналын шалгаруулалтын гуравт жагссан байдаг.

Мөн Анригийн хувьд Аваргуудын лигийн аваргын алдар тун чухал байсан. Гэлээ ч тэр энэ талаар “Мэдээж, зодог тайлахаасаа өмнө Аваргуудын лигт түрүүлэх хүсэл бий. Аваргуудын лигт түрүүлчихсэн ч миний сэтгэл амрахгүй ээ. Та бүхэн сүүлийн ДА-ыг санаж байгаа байх. Хэдийгээр би ДА-ын алтан медалийг зүүж үзсэн ч гэлээ дахин гайхамшигтай ялалтыг мэдэрмээр байна. Би амбицтай хүн” хэмээн хэлж байсан бол 2009 онд Аваргуудын лигт түрүүлсэн билээ.
 

Тьерри Анри бол Арсеналын түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч болсон төдийгүй балиашгуудынх нь жинхэнэ шүтээн болсон нэгэн.

Нийтлэлч: Bilegt
Сэтгэгдэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Мэдээний сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй.